Thursday, 21 November 2019

эм зүйч



Эм зүйч (pharmacist) гэж хэн байх ёстой вэ?
Эмийн эмчилгээг дээд зэргийн үр дүнтэй байлгах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн мэргэжлийн үүрэг хариуцлага хүлээсэн эмнэлгийн мэргэжилтэн. Эх сурвалж: World Health Organization, WHO Technical Report Series, No. 961, 2011.Annex 8. Joint FIP/WHO guidelines on good pharmacy practice: standards for quality of pharmacy services
Эм зүйч эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар насан туршдаа суралцах шаардлагатай тул дараах мэдлэгүүдийг нэгэн жигд хөгжүүлэх шаардлагатай байдаг.
  • Онол, технологийн дэвшил
  • Эм зүйн салбарын хууль, тогтоомж
  • Мэргэжлийн стандарт шаардлага
  • Эм зүйн практик, шинжлэх ухааны мэдлэг

Мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхөд хувь хүний ёс зүй чухал болох нь хүмүүсийн гаргаж буй амжилтаас харагддаг. Тэгэхээр урт хугацаанд амжилттай ажиллахыг хүсвэл ёс зүйн хэм хэмжээгээ чандлан сахих хэрэгтэй болно.
Аливаа хувь хүний амжилт тухай хүний гүйцэтгэж буй үйл ажиллагаа, нийгэмд эзлэж буй дүр төрх, харилцааны ур чадвар, эерэг хандлагаас үүсэлтэй.

Эм зүйч бид зан чанарын ёс зүй сайтай болохоо тогтвортой урт хугацаанд харуулж чадвал нийгэмд биднийг ойлгох хүндлэл тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Үүний тулд бид өдөр тутмын үйл ажиллагаандаа мэргэжлийн болон хувь хүнийхээ хувьд зөв зуршил буюу дадлыг хэвшүүлэх хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлвэл эмийн санд эмийн сангийн зохистой дадлыг, эмийн үйлдвэрт эм үйлдвэрлэлийн, эм ханган нийлүүлэх байгууллага түгээлтийн зохистой дадлыг, төрийн захиргааны байгууллагад зохицуулалтын зөв дадлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ тухайн ажлын байранд байгаа мэргэжилтнүүдийн тухайн агшинд гаргаж буй хандлага эерэг байх нь чухал юм.
Таны үг үйлдэл зөв буруу байх нь бодлоос тань урган гардаг бөгөөд таны үгээр илэрхийлэгдээгүй бодол тань Таны үйл хөдөлгөөн, харц, дууны өнгө зэрэг сэтгэлийн дотоод илэрхийллийн гадаад төрхүүдээр илэрч ялангуяа эцсийн хэрэглэгчтэй нүүр тулж үйлчилдэг манай эмийн сангийн мэргэжилтнүүдэд тавигдах нийгмийн шаардлага өндөр болж байна. Иймд ялангуяа нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж буй эм зүйн мэргэжилтнүүд чадамж сайтай байж хувь хүний хөгжлийн боловсролдоо анхаарч байх хэрэгтэй болж байна.
Энэ удаа Та бүхэнд эм зүйн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний талаар олон улсын болон өөрийн орны бодлого стратегийг хүргэж байгаа нь Та бүхний зуршил болгох үйлдлүүдийн зөв эхлэл болоосой гэж хүсье.
МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ гэж чухам юу вэ?
Хууль, дүрэм журмын шаардлагуудыг биелүүлэхээс илүүтэйгээр ёс зүйн болон мэргэжлийн стандартуудыг хэвшүүлэх гэсэн тухайн мэргэжилтний хүсэл тэмүүлэл юм.            
Ёс зүй гэдэг нь тухайн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны өвөрмөц хэм хэмжээнээс гадна хүнлэг, энэрэнгүй байж ажил мэргэжлээ өндөр ур чадвартайгаар хийж гүйцэтгэхийг давхар шаарддаг.
  • Зохисгүй үйлдлийг хүлээн зөвшөөрдөг орчинд ажлын бүтээмж багасч, тухайн байгууллагын нэр хүнд ор мөргүй алга болж ашигтай ажиллах талаар бодох ч хэрэггүй болно.
Эм хангамжийн байгууллагууд ажлын байрны ёс зүйн соёлыг хэвшүүлэх хэрэгтэй.
  • Ажлын байрны ёс зүйн соёлыг бий болгохын тулд хичээж ажилладаг компаниудын ажилчдын бүтээлч байдал, сэтгэл ханамж болон санхүүгийн үр ашиг өндөр байдаг.
  • Ажлын байрны ёс зүйн соёл нь тухайн байгууллагын нарийвчлан загварчилсан баримтлах зарчмуудын үнэ цэнэ болон ёс зүйн кодуудыг үндэслэн үйл ажиллагаа хэрхэн явагдах арга замыг тодорхойлогч болно.
ОЛОН УЛСЫН ЭМ ЗҮЙН ХОЛБООНООС ГАРГАСАН ЁС ЗҮЙН ШАЛГУУР
2014 оны 8 дугаар сард Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Олон Улсын Эм Зүйн Холбооны чуулганаас ОУЭЗХ-ны Мэргэжлийн Стандартын Тунхаг БичигЭм зүйчийн ёс зүйн кодыг батлан гаргасан. Үүнд дурьдахдаа:
  • Үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, асран хамгаалагчид болон мэргэжил нэгт нөхөд, эмнэлгийн бусад мэргэжилтэнтэй нөхөрсөг, шударгаар харилцаж, бусдын итгэлийг алдах, өөрийн мэргэжлийн нэр хүндийг унагах үйлдэл хийхгүй байх
  • Үйлчлүүлэгч, эмчлүүлэгчийн аюулгүй байдал, эрх ашиг, сонирхлыг нэн тэргүүнд тавьж үйлчилгээ үзүүлэх
  • Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэдээлэл, ОУЭЗХ-ноос боловсруулсан болон холбогдох эрх зүйн акт, мэргэжлийн стандарт зэргийг баримтлан ямагт мэргэжлийн өндөр түвшинд ажил, үүргээ гүйцэтгэх
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн нөөц бололцооны хүрээнд дээд зэргийн чанартай, тэгш хүртээмжтэй, шудрага үзүүлэхийн тулд үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, асран хамгаалагчид болон эмнэлгийн бусад мэргэжилтнүүдтэй харилцан итгэлцэлтэй, хамтран ажиллах
  • Үйлчлүүлэгчийн хувийн нууцыг чандлан хамгаалж, холбогдох хууль, дүрмийн дагуу мэдээллийг нууцлах;
  • Үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, асран хамгаалагчид болон эмнэлгийн бусад мэргэжилтний эрх ашиг, тэдний нас хүйс, яс үндэс, шашин шүтлэг, нийгмийн байдлыг хүндэтгэн ойлгож, ялгаварлан гадуурхалгүй харилцах;
  • Мэргэжлийн стандарт, үүрэг хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, хууль, дүрмийг мөрдөж, тусламж үйлчилгээг цаг алдалгүй, тэгш, хүртээмжтэй үзүүлэх;
  • Мэргэжил дээшүүлэх сургалтад тасралтгүй хамрагдаж өөрийн мэдлэг, ур чадвар, хандлагыг бататган сайжруулах

No comments:

Post a Comment

дуртай бичлэг